ЗУРАГ























Далд утга агуулсан “алдартай” уран зургууд


Эдүгээ ч олны гайхашралыг төрүүлдэг урлагийн тайлагдашгүй басхүү давтагдашгүй сор бүтээлүүдээс дээжлэн Арт ба Дизайн мэдээллийн булангаараа хүргэж байна.

Дэлхийд танигдсан суут уран бүтээлчдийн эдгээр уран зургуудад хамгийн “сонирхолтой” далд утга, өгүүлэмж агуулагддаг болохыг эрдэмтэд тогтоогоод байгаа юм байна.

“Mona Lisa” / Leonardo da Vinci
Дэлхий дахинаа танигдсан хамгийн алдартай энэхүү уран зурагт Италийн зураач Леонардр да Винчи Лиза дел Жокондагийн хөргийг буулгасан бөгөөд 1503 оноос зурж эхэлсэн гэсэн таамаг байдаг. “Мона Лиза” уран зургийн хамгийн сонирхолтой басхүү нууц утга илэрхийлсэн өгүүлэмжийг түүний нууцлаг инээмсэглэлтэй холбон үздэг боловч Итали эрдэмтдийн олж мэдсэнээр Мона Лизагийн нүдэнд маш жижиг хэмжээтэй үсэг болон тоонууд байдаг гэнэ.

Микроскопын дурангаар томруулж харсан мөртлөө эдгээр үсэг ба тоог ялгаж харахад тун бэрхтэй ба энэ нь Да Винчийн кодыг илэрхийлдэг байж болох ажээ. Баруун нүднээс “LV” үсгийг олж харах ба энэ нь “Leonardo da Vinci” нэрийг илэрхийлнэ гэж үзжээ. Харин зүүн нүдэнд нь дан тэмдэгтүүд байх ба үүнийг хараахан тодорхойлоогүй байгаа юм байна. Магад “CE” эсвэл “B” үсэг харагдаж байгааг үгүйсгээгүй бөгөөд харин арын фон хэсэгт байх гүүрний нуман хэлбэрт “72”-ын тоо эсвэл “L”, “2”-ын тоо байж болох аж. Бас “149” тоо харагддаг ч 4 дэх орныг нь устгасан байдаг гэнэ. Үүнийг эрдэмтэд тайлахдаа Да Винчи эл зургаа “1490” онд Миланд байхдаа зурсныг илэрхийлж байгаа юм гэж үзжээ.

“The Last Supper” / Leonardo da Vinci
Мэдээллийн технологич Слависа Пешигийн үзсэнээр нэрт зураачийн 1495 - 1498 онд зурсан гэгддэг “Сүүлчийн оройн зоог” гэх дэлхийд алдартай эл зурагт математик, одон орны тухай таавар болон далд өгүүлэмж бүхий хөгжмийн нотууд байдаг гэнэ. Тодруулбал, ширээний хоёр талд Темпларын хөлөг баатар байх ба Есүс Христийн хажууд нярай хүүхэд тэвэрсэн хэн нэгэн зогсож байгааг тэрээр ажиглажээ.

Харин Италийн хөгжимчин Жайованни Мария Палагийн олж мэдсэнээр гар болон талхны байрлалаас харахад хөгжмийн нотууд үзэгдсэн ба энэ нь баруунаас зүүн тийш уншигдсан байна.

Түүнчлэн Ватиканы судлаач, эрдэмтэн Сабрина Сфорза Галициа математик ба одон орон судлалын таавар байдаг гэж үзжээ. Тэрээр Леонардог 4006.03.21 - 4006.11.01-ний өдрүүдэд эх дэлхийг үерт автаж, ертөнцийн төгсгөл ирнэ хэмээн таамаглаж бүтээлдээ тусгасан гэж үзсэн ба энэ нь хүн төрөлхтний амьдралд шинэ эрин, шинэ эхлэлийг тавьсан гайхалтай уран зураг гэжээ.

“The Creation of Adam” / Michelangelo Ватикан хотноо байдаг дэлхийд танигдсан “The Sistine Chapel” сүмийн таазны гайхалтай чимэглэл зургуудыг Сэргэн мандалтын үеийн зураачид болох Микеланжело, Сандро Ботишели, Пиэтро Перужино болон Пентуриккио нарын суут уран бүтээлчид амилуулсан байдаг билээ. Тэдний нэг болох Микеланжелог та бид Италийн сэргэн мандалтын үеийн хамгийн агуу зураач, уран барималчдын нэг байсан гэдгийг мэдэх боловч түүнийг хүний биеийн анатомийг судалдаг оюутан байсан гэдгийг тэр бүр мэдэхгүй.

Микеланжело 17 настайдаа сүмийн оршуулгын газарт цогцост задлан шинжилгээ хийдэг байсан гэнэ. Энэ ч утгаараа Америкийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Микеланжелогийн гайхамшигт “The Creation of Adam” уран зурагт хүний биеийн анатомийн бүтэц нуугдмал хэлбэрээр оршдог гэжээ. Тэдний тайлж үзсэнээр энэхүү зурагт хүний тархины бүтцийн далд хэлбэр оршдог байна.

“The Sistine Chapel” / Michelangelo
Дэлхийд алдартай “The Sistine Chapel” сүмийн чимэглэл зургуудаас ажиглаад байвал маш олон далд утга бүхий сонирхолтой дүр зургийг харж болох ажээ. Үүний нэг бол дээр дурьдсанчлан Микеланжелогийн зурсан хэсэгт дахин харагдах ба тэрээр “Бурхан”-ы эл хөргийг нэг өдрийн дотор л бүтээж дуусгаж байсан гэдэг. Тэгвэл “Бурхан”-ы хөргийг сайтар ажваас түүний хүзүү ба цээжний хэсэгт Микеланжелог тархины бас нэгэн далд бүтцийг шингээж зурсан байдаг тухай экспертүүдийн таамаг, маргаан байдаг гэнэ.

Үүгээр ч зогсохгүй Микеланжело өөрийн бусад цөөнгүй бүтээлдээ хүний биеийн анатомийн бүтцийг ашигласан байдаг гэж үздэг ба тэдгээрийн нэг нь бөөр юм байна. Учир нь тэрээр бөөрний чулуутай байсан ба энэ ч утгаараа бөөрний тухай судлах нь түүнд их сонирхолтой байсан гэж таамагладаг аж.

“Young Mozart’s Portrait” / Pietro Antonio Lorenzoni
Залуу Моцартын энэхүү хөрөг зургийг түүний эцэг Леополд Моцартын хүсэлтээр Италийн зураач Пиэтро Антонио Лорензони 1763 онд зурсан гэдэг. Түүний хөгжмийн суут зохиолч Моцарт ба гэр бүлийнх нь хэд хэдэн хөргийг зурсан гэлцдэг ба энэхүү зурагт өгүүлэх далд утга нь Моцартын зүүн гараа энгэртээ хийсэн явдал билээ. Ийнхүү аль нэг гараа энгэртээ нууж зургаа зуруулах эсвэл зургаа татуулах нь шатлан захирах эрх мэдлийн зэрэг зиндааг илэрхийлдэг байсан гэж үзжээ.

“David and Goliath” / Michelangelo
Нууц код, далд утга өгүүлэмж бүхий дэлхийд алдартай уран зургуудын олонхийг “The Sistine Chapel” сүмээс олж харах боломжтой бөгөөд энэ нь 4267 м2 талбайг хамарсан асар уудам урлагийн гайхамшиг ажээ. Сэргэн мандалтын үеийн олон гайхалтай зураачдын бүтээсэн эл уран зургуудыг судлах явцдаа эрдэмтэд Еврей үсгийн “GIMEL” гэх тэмдэглэгээг олж харжээ. Энэ нь Микеланжелогийн зургийн хэсэгт байсан “David and Goliath” зурагт үзэгдсэн ба Кабаалагийн уламжлал ёсоор энэ нь “хүч чадал”-ыг бэлгэддэг юм байна.

“Prophet Zechariah” / Michelangelo
Энэ бол “The Sistine Chapel” сүмийн таазны чимэг зургийн нэг бөгөөд Микеланжелогийн суут бүтээлийн нэг юм. Илэрхийлэх далд өгүүлэмжийн тухайд пап ламын ардханд дүрслэгдсэн сахиусан тэнгэрүүдтэй холбогдох ба нэгнийх нь гараараа ямар зохисгүй байдал гаргаж байгааг олох болно. Өхөөрдөм хүүгийн хийж байгаа эл үйлдлийг “салаавч”-тай зүйрлэж тайлсан байх ба “F**K You” гэсэн санааг гаргажээ гэж үздэг. Энэхүү уран зураг нь Еврейн зөнч Зекарайэгийн тухай ба Юлий II ба Микеланжелогийн харилцааг томруун илэрхийлсэн бүтээл гэгддэг аж.

“The Supper at Emmaus” / Caravaggio
Уран зургийн “the Baroque” жанраар бүтээл туурвигч мастеруудын нэг Италийн зураач Караважогийн зурсан эл бүтээл нь 1601 онд хамаарах ажээ. Тэрээр энэхүү зурагт зүсээ хувиргасан Есүс Христ шавь нартаа өөрийгөө илчилж байгаа тухай өгүүлдэг ба хэд хэдэн далд утгыг шингээжээ. Зурагт цөөнгүй сүүдэр дүрслэгдсэн байх боловч нэг сүүдэр нь бусдаас арай өөр байрлалд хачин жигтэйгээр байрласан байх ба загас хэлбэртэй сүүдрийн нэг хэлбэрийг Есүсийн өөрийгөө чимээгүй илчилсний тэмдэг гэж үздэг байна.

“The Madonna with Saint Giovannino” / Domenico Ghirlandaio
Италийн Сэргэн мандалтын үеийн суут зураачдын нэг Доменико Гирландайогийн XV зууны үеийн энэхүү уран зураг нь харь гарагийн үл мэдэгдэх нисдэг биетийг дүрслэн үзүүлсэн гэдгээрээ олны анхаарлыг ихээхэн татсан бүтээл юм. Уран зурагт дүрслэгдсэнчлэн Гэгээн Мэригийн зүүн мөрний хэсэгт хавтгай хэлбэртэй харь гарагийн нисдэг биет гялтганан үзэгддэг нь сонирхолтой юм.

Цаашилбал, зургийн баруун талд нэгэн хүн энэхүү нисдэг тавгийг харах гэж саравчлан зогсох бөгөөд үүнээс харвал энэхүү биет маш хурц байгаа нь илт ажээ. Энэ зураг бол дундад зууны үеийн хамгийн хачирхалтай сонин хэлбэр дүрс бүхий харь гарагийн нисдэг таваг дүрслэгдсэн цөөнгүй зургийн зөвхөн нэг нь юм.


“Netherlandish Proverbs” / Pieter Bruegel the Elder
1559 онд зураач Пиэтер Бройгелийн бүтээсэн алдартай энэ зургаас эрдэмтэд “112” далд утгыг илэрхийлсэн хэлцийг олдог байна. Эдгээрээс одоо ч хэрэглэгддэг хэлц үгс байдаг ба заримыг нь Англи хэлнээ огт хөрвүүлж байгаагүй байдаг юм байна. Зурагт дүрслэгдсэн тухайн агшинд үйлдэж буй хүмүүсийн үйл урлал хийгээд байгаа байдлаар дамжуулан “112” далд өгүүлэмж бүхий хэлцийг шингээнэ гэдэг үнэхээр гайхамшигтай юм. Түүний далд утга бүхий хэлцүүд нь амьдралын үнэн хийгээд хүн төрөлхтний болчимгүй алхам, тэнэглэлийн тухай байдаг гэлцдэг.

No comments:

Post a Comment